Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг  олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар баталсан.

Цаашид тус нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах боломжийн талаар Зам, тээврийн хөгжлийн яам, НҮБ-тай зөвшилцөх уулзалтыг өмнө зохион байгуулж байсан бол өнөөдөр /2022-05-23/ ээлжит уулзалт “Буян-Ухаа” олон улсын нисэх буудалд боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн чиглэлээр ашиглах судалгааны ажлыг хамтран эхлүүлж, хэрэгжүүлэх саналаа танилцуулав. Хэрэв НҮБ Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах боломжтой гэж үзвэл  буудлын ашиглалтыг сайжруулах, дотоодын агаарын тээвэрлэгчдэд дэмжлэг болох, хоол, хүнс бусад эд зүйлс үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг олон давуу талтай. Цаашлаад эмийн үйлдвэрүүдийн дусал тариа, тарилгын шингэн зэргийг экспортод гаргах боломж байгааг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлж байлаа.

НҮБ-ын Монголд дахь суурин зохицуулагч Тапан Мишра, миний хувьд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ажиллуулах сонирхол байна. Үүнийг хийхэд амаргүй ажил болно. Бид энэ талаар багагүй судалгаа хийсэн. Цаашид холбогдох байгууллагуудтай хамтраад судлах боломжтой гэж харж байна гэв.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра болон бусад албаны хүмүүс байлцлаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.