Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон байна.
Тодруулбал, тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссон аж. Улмаар хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, дулааны сүлжээний даралт маш богино хугацаанд ажлын даралтнаас хоёр дахин өссөн учир зарим газар нь гэмтэл гарсан хэмээн албаны зүгээс тайлбар хийсэн.
Уг гэмтлийг засварлахаар Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад ажиллаж эхэлжээ.
Нийслэлийн хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээр 03:50 цагт гагнуур дуусаж, Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн байна. Ингэхдээ сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэх аж. Ийнхүү ойролцоогоор таван цагийн дараагаас хэвийн ажиллаж эхэлнэ гэж үзжээ.
Амгалан ДС-ын гарах халууны хэмийг 07:00 цаг гэхэд 100 хэмд хүргэх даалгаврыг албаны зүгээс өгсөн байна.
Дулааны станцын зуухыг дүүргээд галлаж эхэлсэн бөгөөд өнөөдөртөө хоёр зуух нэмж галлана гэдэг мэдээлэл өглөө.