2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болсон Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцов.

Тэрбээр 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхах бөгөөд иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Тангараг өргөх ёслолд Сингапурын Ерөнхийлөгч Халима Яакоб, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостин Арченж Таудэра, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисийн нөхөр Даг Эмхофф, Индонезийн Ерөнхийлөгч асан Мегавати Сукарнопутри, Канадын Сенатын спикер Жорж Ж.Фюрей, Узбекистаны Сенатын тэргүүн дэд дарга Садык Сафаев, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса зэрэг гадаадын 300 гаруй элч, төлөөлөгч урилгаар оролцлоо.