Элчин сайд Д.Гансүх Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын гишүүн Ярослав Доубраватай Сенатын танхимд уулзав.
Уулзалтаар Элчин сайд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлж, Сенатын гишүүний зүгээс хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хүн хоорондын болоод бизнесийн хэлхээ холбоог хөгжүүлэх, ялангуяа Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Чехийн Сенатын танхимаар дэмжүүлэхэд анхаарч ажилласанд талархал илэрхийлэв. Сенатын гишүүн Я.Доубрава нь 18 дахь жилдээ Сенатын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд манай улсад хэд хэдэн удаа айлчилж байсан юм.
Манай хоёр улс Нийгмийн хамгааллын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2019 оны 5 дугаар сард Прага хотноо гарын үсэг зурсан бөгөөд манай УИХ энэхүү хэлэлцээрийг 2020 оны 4 дүгээр сарын 24-нд соёрхон баталсан бол Чех улсын Сенатын танхим 2019 оны 10 дугаар сарын 30-нд соёрхон батлахыг дэмжсэн. Одоо хэлэлцээрийг Чехийн Төлөөлөгчдийн танхим соёрхон баталж, тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.