Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаан 20 цаг 53 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох яамдын удирдах албан тушаалтнууд оролцов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдийн зүгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Уг хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх бусад Байнгын хороодоос санал, дүгнэлтээ ирүүлсэнтэй тус тус танилцсаны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай”, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Чойжилсүрэн, С.Одонтуяа, Х.Булгантуяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Ажлын хэсгээс гаргасан хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Ажлын хэсгээс “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.10, 4.1.15 дахь заалтыг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Н.Ганибал, С.Чинзориг нарын зүгээс тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.6-4.1.16 дахь заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.17-4.1.36 дахь заалтад заасан төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Мөн Ажлын хэсгээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “хүнсний ургамлын тос” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “2022 оны 12 дугаар сарын 31-ний” гэснийг “2024 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Түүнчлэн “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг хасаж, мөн заалтын 2 дахь дэд заалтыг “цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд тухайн хамран сургах тойргийн хүүхдэд ногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжүүлэх” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.
Мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэсэн 2.2 дахь хэсэг, төслийн 3 дугаар зүйлд “Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан албан тушаалтанд энэ хууль хамаарахгүй.” гэсэн 3.3 дахь хэсэг, төслийн 20 дугаар зүйлд “Энэ хуулийн 3.1-д заасан этгээд шилэн дансны мэдээллийг хугацаанд нь байршуулна.” гэсэн 20.5 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Ажлын хэсгээс төслийн 5 дугаар зүйлд “Үндсэн болон салбар нэгжийн нийт ажилтны орон тоо 400-аас дээш Засгийн газрын агентлаг дэд дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд орлогч даргатай байж болно.” гэсэн агуулгатай 5.2 дахь хэсэг, мөн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, татварын алба, шүүх шинжилгээний алба, Хүний эрхийн Үндэсний комисс.” гэсэн агуулгатай 6.5.12, 6.5.13, 6.5.14, 6.5.15, 6.5.16, 6.5.17, 6.5.18 гэсэн заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Ингээд хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаараа бусад Байнгын хороодоос санал, дүгнэлтээ ирүүлсэн бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуун, санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод Ажлын хэсгээс гаргасан хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Д.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулах саналтай хамтатган “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан Гадаадын зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулах, мөн төслийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 2022 онд 114,842.8 сая төгрөгөөр санхүүжих 27 төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц байдалтай уялдуулан төсөл арга хэмжээ хооронд саналын томьёоллын хавсралт 1-т тусгагдсан зохицуулалтыг хийх буюу 2022 онд санхүүжих дүнгээс 28,066.5 сая төгрөгийг бууруулах, энэ эх үүсвэрээр төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах боломжийг хангах, зайлшгүй зарим хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үүднээс дараах зардлуудыг 2022 оны төсвийн жилд санхүүжүүлэхээр өөрчлөх. Үүнд: Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх; саналын томьёоллын хавсралт 2-т тусгагдсан 59 төсөл арга хэмжээг 2022 онд хавсралтад тусгагдсанаар буюу 44,041.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэн санхүүжүүлэх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжсэн.
Мөн төсөл арга хэмжээний дүнд нөлөөлөхгүйгээр нэр өөрчлөхтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын хавсралтын XYI.1.25-д тусгагдсан “Бэлчээрийн усан хангамж /Хөвсгөл, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Рашаант, Галт, Бүрэнтогтох, Арбулаг, Их-Уул, Цагаан-Уул, Төмөрбулаг, Түнэл сум/, хэрэгжих хугацаа 2022-2023 он, төсөвт өртөг 200.0 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 100.0 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2022 онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн нэрийн байршлыг “/Хөвсгөл, Түнэл, Тосонцэнгэл, Рашаант, Бүрэнтогтох, Их-Уул, Төмөрбулаг, сум/” гэж, Хөрөнгө оруулалтын хавсралтын XII.1.2.5 “Сургуулийн спорт заалны барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, 60 дугаар сургууль/, хэрэгжих хугацаа 2022-2023 он, төсөвт өртөг 753.2 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 100.0 сая төгрөг” гэсэн төсөл арга хэмжээний нэрийг “Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр хороо/” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хөрөнгө оруулалтын хавсралтын XIII.1.5 Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ гэсэн төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэг тэрбум төгрөгөөр бууруулах, Соёлын салбарт шинээр ашиглалтад орсон болон бусад барилга байгууламжийн тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ 2022-2022 он, төсөвт өртөг нэг тэрбум төгрөг гэсэн төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжлээ.
Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.