Жил бүрийн зун нийслэлчүүд 14 хоног халуун усаа таслуулдаг. Учир нь нийслэлийн газар доорх инженерийн дэд бүтцэд зун цагт л хэсэгчлэн засвар хийх боломжтой. Энэ дэд бүтцийг бүрэн шинэчлэхэд 5-6 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Хотод ийм хэмжээний санхүүгийн нөөц үгүй тул иргэдийн халуун усыг түр хязгаарладаг байна.
Хотын санхүүгийн чадавхыг нэмэх зорилгоор хот бонд гарган, орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэхээр ажиллаж байгаа талаар хотын дарга Д.Сумъяабазар онцлов. Одоо ААНОАТ нийт орлогын 70 хувийг бүрдүүлдэг. Иймд газрын бирж байгуулан, газрын татвар тогтоохоор төлөвлөжээ.
Хотын дарга “Үе үеийн хотын дарга нар газрын хулгайчаараа дуудуулдаг. Цаашид ингэмээргүй байна. Газартай холбоотой худалдаа далд эдийн засгийг тэтгэж байгааг ил тод болгоно. А бүсэд газар эзэмшигч Сонгинохайрхан дүүргийн иргэнтэй ижил татвар төлөх ёсгүй” гэсэн юм.
Түүнийг хотын даргаар ирэхэд хотын тухайн жилийн нийт хөрөнгө оруулалт 29 тэрбум төгрөг байсан бол энэ онд 198 тэрбум төгрөг болжээ.