Шүүхийн Сахилгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар зургаан шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах,
- Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Дээрх шүүгчдийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдуулжээ.
Эргэн сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогтын зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтэд ил болсон. Тухайн үед хамт байсан нь бичлэгээр батлагдаж, шүүмжлэлд өртсөн шүүгч нарт сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан юм.