УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 24-ний өдөр Хустайн байгалийн цогцолбор газарт ажиллалаа. Хустайн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 км-т, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын нутагт 50.6 мянган га газрыг хамардаг. Харьцангуй бага орон зайд байгалийн бүс, бүслүүрийн олон төрлийг багтааснаараа өвөрмөц онцлогтой.
Монгол УИХ-ын тогтоолоор 1993 онд Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийн ахиулж байгалийн цогцолборт газар болсон. Харин 2002 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Хүн ба шим мандлын нөөц газрын хамгаалалтын сүлжээнд бүртгэжээ.
Хустайн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг уулын хээр, 30 гаруй хувийг хуурай хээр, 4 хувийг ойт хээр эзэлдэг бөгөөд нуга, элс, цайдам зэрэг амьдрах орчны олон хэлбэр бий.
Мөн жилээс жилд тус цогцолборт газрыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны байдлаар 32 мянган жуулчин ирснээс 18 мянга нь гадаадын жуулчид байсан бол 14 мянга орчим нь дотоодын жуулчид байжээ.
Түүнчлэн энэ орчны бүсэд эртний хүмүүсийн үлдээсэн түүх соёлын дурсгалт зүйлс олон байдаг. Тухайлбал, дөрвөлжин булш, томоохон хиргисүүрүүд, хөшөө чулуу, Түрэгийн хаант улсын үед хамаарагддаг хөшөө дурсгал, буган чулуу, хадны сүг зураг зэрэг түүх соёлын 400 гаруй дурсгалт зүйлс бүртгэгдсэн байдаг.
Улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалтын газарт 34 хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулж байгаагийн дөрөв нь төрийн бус байгууллага байна.
Хустайн байгалийн цогцолборт газрын менежментийг “Хустайн цогцолборт газар” ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажиллаж байгаагаараа онцлогтой.
Орлогын 80 гаруй хувийг аялал жуулчлалаас төвлөрүүлж, улсын төсвийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаа явуулдаг ч сүүлийн 2 жил гадаадын жуулчдын хөдөлгөөн зогссонтой холбоотой санхүүгийн хүндрэл үүссэн ч үндсэн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол явуулж байгааг хамгаалалтын захиргааныхан хэллээ.
Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна. Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болсон.
Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа хэдий ч тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгааг холбогдох албаныхан танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд баталсан. Цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын менежментийг сайжруулах, нэгдсэн стандарттай болгох шаардлага зүй ёсоор үүсэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яамнаас удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд газар нутгийн бүсчлэл, хилийн цэс, ангиллыг өөрчлөхөөр ажиллаж байна” гэв.
Хустайн байгалийн цогцолбор газрын хилийн цэсийн дагуу өвөлжөөний газар олгодгоос болж бэлчээрийн даац хэтрэх шалтгаан болдог. Энэ газарт тахийг анх нутагшуулахдаа амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор айлуудыг нь нүүлгэн шилжүүлжээ. Өвөлдөө цаг хүндрэх үед тус газрын байгаль хамгаалагчид тахид хужир, өвс тавьж өгөх зэргээр арга хэмжээ авдаг байна. Байгаль хамгаалагчдын хамгийн тулгамдсан асуудал бол гэрийн мал. Учир нь хамгаалалтын бүсийн эргэн тойронд байгаа 100 мянга гаруй мал тахийн бэлчээртэй давхацдаг байна. Тиймээс байгаль хамгаалагчид гэрийн малыг хөөж хамгаалалтын газраас гаргадаг байна. Түүнчлэн бэлчээрийн хачигаар дамжин халдварладаг боррелиозоор тахь өвчилж, үрэгдэж байгааг ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв хэллээ.
Мөн байгалийн экосистемийг хамгаалахын тулд хамгаалалтын бүсийн ойролцоох айлуудыг нүүлгэх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх, байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийн тогтвортой дэмжлэг хэрэгтэй байгааг ажлын хэсэгт уламжиллаа.