Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Соёлын сайд Ч.Номин энэ сарын 22-ны өдөр тус улсын Соёлын сайд Дарио Франческинитэй уулзаж Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2025 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Засгийн газар хоорондын хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин хамтран ажиллах боломжтой төрийн болон их дээд сургуулийнхантай уулзаж, санал солилцсон бөгөөд тус улсын Соёлын сайд Дарио Франческинитэй уулзах үеэрээ ярьсан ажил хэргүүдийг бататгах, богино хугацаанд үр дүнд хүргэх асуудлаар тохиролцсон юм.

Тухайлбал, өөрсдийн нутаг дэвсгэрт хууль бусаар импортолсон соёлын өв, урлагийн бүтээлийг илрүүлэх, нөхөн сэргээх, үнэлэх, тэдгээрийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох асуудлаар ярьж тохиролцлоо.

Мөн түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд буй төслүүдэд Италийн талын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч мэргэжлийн шинжээчдийг урьж ажиллуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын түүх, соёл судлалын төвийг Венец хотын Ка Фоскарийн их сургуулийн нөөц бололцоо, туршлагад тулгуурлан байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов гэж Соёлын яамнаас мэдээллээ.