Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас авто замын хашлагын асуудлаар мэдээлэл хийлээ. Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох:
-Замын цагдаагийн гүүрний ажилтай холбогдуулан Нарны замын шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Энэ нь БНХАУ-ын банкны хөнгөлөлттэй зээл 40.2 сая ам.долларын гэрээний өртөгтэй ажил.
БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдэд хоёр удаа зээл авсан. Нэг тэрбумын зээлээс Налайхын замын бүтээн байгуулалт хэрэгжээд явж байгаа.
Мөн 500 сая ам.долларын зээлээс Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрний бүтээн байгуулалт өрнөсөн. Замын цагдаагийн гүүрнээс бусад төсөл дууссан.
Нийслэлийн замын сүлжээнд өнгөрсөн оноос энэ жил дамжин хэрэгжих 38 төсөл бий. Үүн дээр нэмээд шинээр 29 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд хашлага солих ажил багтаагүй. Зөвхөн эвдэрсэн, усанд идэгдсэн, хамуурсан /цас хайлуулах бодис цацсаны улмаас бетон хашлагад эвдрэл үүссэнийг ингэж нэрлэдэг байна/ бродюрыг сольж байгаа. Тодруулбал, 10-15 жил засвар хийгээгүй замыг шинэчилж байна. Нийтдээ 14 байршилд иж бүрэн, шинэчлэлтийн ажил хийнэ. Энэ хүрээнд эвдэрсэн, хамуурсан хашлагуудыг солино. Энэ ажил долдугаар сарын 11-нээс өмнө бүрэн дуусна.