“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож буй. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэлцүүлгийг нээж “Нийслэлд нийт хүн амын 48.1 хувь, их, дээд сургууль, худалдаа, үйлчилгээний салбарын 80-90 хувь нь төвлөрч байна.

Төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэж, нэгдсэн бодлоготойгоор нийслэл хотын усны асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэн. Хүн амыг аюулгүй усан хангамжаар хангах, иргэдийн амь нас, эд хөрөнгө, хотын бүтээн байгуулалтын ажлыг үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, усыг дахин ашиглах зэрэг усны салбарын олон асуудал бидэнд тулгарч байна. Эдгээр асуудлын үндсэн шалтгаанд замбараагүй газар олголт, газар ашиглалтаас хамааралтай хөрс, ус, орчны бохирдол ихээхэн нөлөөлж байгаа. Мөн төрийн байгууллага болон хууль, дүрэм, журам, стандартын баримт бичгийн нийцэл, уялдаа холбооноос ихээхэн хамаарч байна.

Нийслэлийн хувьд 1990 оноос хойш Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж ирсэн боловч тэр бүр хэрэгжүүлээгүй, бодлогын алдааны үр дагавар нь өнөөдрийн “төвлөрөл-түгжрэл-агаар, ус, орчны бохирдол”-ын суурь шалтгаан юм. Өсөн нэмэгдэх иргэдийн ундны ус хангамжийн хэрэглээг хангахын тулд бидэнд гадаргын усыг цэвэршүүлэн ашиглах, цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах замаар усыг зүй зохистой хэрэглэж, усны сан бүхий газрынхаа эрүүл ахуйн бүсийг хамгаалж, ирээдүй хойчдоо устай хотыг үлдээх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болно.

Бид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулж, арилгах бүрэн боломжтой бол хэзээ ч тохиож болох байгалийн гамшгаас зайлсхийх, усыг тарьж ургуулах боломжгүй гэдгийг ухамсарлан, нэн тэргүүнд чухалчлан авч үзэж ажиллах шаардлагатай.

Мөн Нийслэл Улаанбаатар хотын хууль, эрх зүйн шинэ орчин, төрөөс үзүүлж буй бодлого, улс төрийн дэмжлэг нь бидэнд үнэт цаас гаргах, концесс олгох, нийслэлийн хөгжүүлэх санг байгуулах зэрэг санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах цоо шинэ боломжийг бүрдүүллээ. Нийслэлийн иргэдийн амьдрал ахуйтай шууд холбоотой байгаль орчин, усан сан бүхий салбарын нэгдсэн менежмент, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талын хамтын ажиллагааны оролцоо чухал” хэмээсэн юм.