Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд коронавирусын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна.  Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.          
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.
2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3, их, дээд сургуулийн багш нарын 58 хувь нь тус тус хамрагджээ.
Мөн 12-15 насны хүүхдийн 77.5, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.