Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.04.13)  нэгдсэн хуралдаан 15 цаг 07 минутад эхэлж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

   Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа тус тус хийсэн.

    Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.   

    Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар захирамжаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласныг онцлов. 

    Мөн Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тухайлбал, хуулийн төслийн гарчгийн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэснийг хасах, төслийн 6.1.3, 6.1.5 дахь заалтууд нь Улсын Их Хурлын эрх мэдэлд хамаарах асуудал тул төслөөс хасах, 5.1.1 дэх заалтаар “банкаар дамжуулан олгох” гэснийг “банкны эх үүсвэрээр олгох” гэж, 5.1.2 дахь заалтын “хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан” гэснийг “санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд” гэж тус тус гэж өөрчлөх, хуулийг дагаж мөрдөх хугацааг 2022 оны 04 дүгээр 22-ны өдрөөс эхлэх зэрэг зарчмын зөрүүтэй 10 санал болон төслийн агуулгыг хөндөхгүйгээр хууль зүйн техникийн, найруулгын шинжтэй  засваруудыг хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

    Үргэлжлүүлэн УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн нэрээс нь уншвал мах, гурилын нөөц бүрдүүлэх замаар үнийн өсөлт буюу инфляц буулгах юм байна гэж ойлгогдохоор байгааг онцлов. Монгол Улсын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн гурван бүтээгдэхүүнээр тооцдоггүй. Тус хуулийн зорилго, зорилт нь тодорхойгүй, хүрэх үр дүн нь бүрхэг, тооцоо судалгаа тааруу, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ нь тодорхойгүй  байгаа зэргийг дурдаад АН-ын бүлгээс  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.1-д нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.4-т заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байна гэж заасны дагуу АН-ын бүлэг завсарлага авч буйг мэдэгдлээ. 

    Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх горимоор орж ирснийг онцлохын зэрэгцээ  цаг үеийн нөхцөл байдал  амаргүй байгааг дурдаад УИХ дахь АН-ын бүлгийнхэнд 30 минутын завсарлага өгөв.  

    Хуралдаан 16 цагт хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Бямбацогт нар  асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Уг саналын томьёоллуудыг Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн байна. Тухайлбал, төслийн гарчгийн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэснийг хасах. Энэ  саналтай холбогдуулан төслийн 1.1 дэх хэсэгт заасан хуулийн зорилгод байгаагаас бусад төслийн зүйл, хэсэг, заалтад байгаа “олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэснийг хасах, мөн төслийн 5.1.3 дахь заалтыг “санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан энэ хуулийн 3.2.1-т заасан бараа, бүтээгдэхүүний импортод шаардлагатай гадаад валютыг ханшийн эрсдэлийг бууруулж импортлогчдод нийлүүлэх бөгөөд банк энэ эх үүсвэрээр ашиг олох зорилгоор арилжаа хийхийг хориглох;” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

    Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс төслийн 6.1.2 дахь заалтын “жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх” гэснийг “тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэх” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,5 хувь нь дэмжсэн бөгөөд мөн хууль, тогтоолын хүчин төгөлдөр болох хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс гэж өөрчлөхөөр боллоо.

   Энэ үеэр УИХ-ын даргын зүгээс уг хуулийн төслийн талаар “D-Parliament” цахим системд иргэдээс ирүүлсэн саналуудыг багцалж хэлэлцүүлгийн явцад анхаарч ажиллахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд чиглэл болгосон.

    Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.