Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.13) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга, хуралдаан даргалагч Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. ​

 

    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүнээс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн  Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөснийг танилцуулав. 

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

   Хуралдааны эхэнд  Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тус хуулийн төслийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны   өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцуулав.  

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж асуух асуулттай гишүүн байгаагүй тул үргэлжлүүлэн Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Эрдэнэсийн сан нь эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байх бөгөөд мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч баталдаг байхаар шинээр нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Эрдэнэсийн сангийн орлого нь иргэн, хуулийн этгээдээс төрд худалдсан, бэлэглэсэн, хандивласан, хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн эрдэнэсээс бүрдэх, Соёлын өвийн тухай хуульд нийцүүлэн жагсаалтыг батлахдаа Эрдэнэсийн сангийн үндсэн санд оруулах түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн талаар Монголбанканд Засгийн газар санал гаргах, Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэсийг зөвхөн гадаадад худалдах, гадаадаас худалдаж авахаар байсныг гадаад, дотоодгүй худалдах, худалдан авахаар, Монголбанк эрдэнэсийг эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хадгалах, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг үзүүлж болохоор өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, түүний орлого, зарлага нийтэд ил болж байгаатай холбогдуулан Засгийн газар үндсэн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайлантай танилцах заалтыг хасах, Монголбанкны бүрэн эрхийг тодорхой болгож, хуульд заасан үйл ажиллагааны дагуу худалдан авах үнэт металл, эрдэнийн чулууны сорьц тогтоох заалтыг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжив. 

    Үргэлжлүүлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Ингээд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцуулахаар тогтов.  

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстлоос сэргийлэх,

сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төслүүдийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан бол мөн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцууллаа. Тэрбээр, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласныг дурдаад, Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 10 санал болон найруулгын шинжтэй бусад саналыг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр бэлтгэснийг танилцуулав. 

    Ажлын хэсгийн танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Ж.Ганибал, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс,  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариулт өгөв. 

    Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэлэээ. Тухайлбал, хуулийн төслийн гарчгийн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэснийг хасах, төслийн 6.1.3, 6.1.5 дахь заалтууд нь Улсын Их Хурлын эрх мэдэлд хамаарах асуудал тул төслөөс хасах, 5.1.1 дэх заалтаар “банкаар дамжуулан олгох” гэснийг “банкны эх үүсвэрээр олгох” гэж, 5.1.2 дахь заалтын “хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан” гэснийг “санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд” гэж тус тус гэж өөрчлөх, хуулийг дагаж мөрдөх хугацааг 2022 оны 04 дүгээр 22-ны өдрөөс эхлэх зэрэг зарчмын зөрүүтэй 10 санал болон төслийн агуулгыг хөндөхгүйгээр хууль зүйн техникийн, найруулгын шинжтэй  засваруудыг хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулахаар тогтов.

Хөгжлийн банкны асуудлаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай"  тогтоолын төслийг хэлэлцэв

   Хуралдааны төгсгөлд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

  Төсөл санаачлагчийн илтгэлийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.  Танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон ноцтой нөхцөл байдлууд нь Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсныг танилцуулав. 

    Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд нар Хяналт шалгалтын түр хороо ажлаа явуулах хүрээ, хязгаарын талаар тодруулж, хуралдаан даргалагчийн зүгээс хариулт, тайлбарыг өглөө. 

    Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагч Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.